Monday, March 3, 2014

Лондонгийн музей

Өнөөдөр онц чухал ажилгүй байсан тул өглөө босоод хаачихаа бодож хэсэг суув. "Барбикан" гэгч европдоо алдартай урлагийн төвд очихыг зориод ерөөсөө амжихгүй байснаа санаад гарсан юм. Лондонгийн өмнөд хэсэгт амьдардаг би чинь автуусандаа суугаад Темза мөрнийг гатлан өнгөрмөгц байшин, барилга нь хамаагүй гоё болоод явчих юм. Хотын зүүн тийш ер нь хипстер маягийн, урлаг соёлын уур амьсгалтай гэдэг нь тэр бололтой. 
Автууснаас буутал Лондонгийн музей байна, тэнд гэж мэдээгүй л дээ. Үзэх төлөвлөгөөнд байсан ч, өнөөдөр гэж бодоогүй байсан юм. Тэгээд яахав, тэнэж яваа хүн чинь шууд л орлоо. Хувцас, цүнхээ үлдээх ёстой тул шүүгээнд 1 паунд төлөхөөс бусдаар үнэгүй. :) Энэ  хотын сайхан нь ихэнх галлерей, музей төлбөргүй байдагт хэнд талархмаар ч юм дээ. 
Хүн төрөлхтний мөр олдсон цагаас эхлээд Темза хэрхэн салбарлаж Лондон жижиг суурингаас эхлээд Ромын үе, дундад зууны үе, дайны үеийг яаж өнгөрүүлж өнөөг хүрсэн бэ гээд дарааллаар нь жижиг хэсгүүдэд хуваасан байна. Чулуун зэвсгийн үеийн эд зүйлс, хүн сүргийн оромжоос эхлээд өмсч яваа жинсэн өмд хүртэл тайлбарласан байналээ дээ. 
Чулуун зэвсэг
Музейд нэг сонирхолтой хэсэг байсан нь Лондонгийн хүн, амын тухай, соёлын талаар гэх үү дээ. Залуучуудын нэгдэл тэр хэсгийг тохижуулж, бүтээж гэнэ. Хотод амьдрахад автобусанд олон янзын хэл сонсдог, хэн ч намайг хувцасаар минь шүүн дүгнэдэггүй, заримдаа нийтийн тээвэр хүрэлцээгүй, цэцэрлэгт хүрээлэнгүүд гоё, ганцаараа явахад аюултай болж байгаа тухай гээд орчин цагийн Лондонд тохиолддог бүх л зүйлсийг өсвөр насны хүүхдүүд хэлсэн зураг, бичлэг байв. 
Хана дүүргэсэн том зургийн эвлүүлгэнд олон хүн байгаа хэрнээ хамгийн урд эгнээнд, бусдаас арай томоор хар арьст эмэгтэйг оруулсныг нь хараад нөгөө л арьс өнгөөр ялгаварлахгүй байх тухай ярих нь дээ гэж бодсон маань зөв байж. "Diversity" буюу олон талт байдал гэж толь бичигт байдаг энэ үг Лондонг бүхлээр нь илэрхийлмээр юм шиг санагдах болсныг хэлэх үү. Ази, африк, европ гээд зүсэн зүйлийн энэ олон хүн нэг хотод зохицон амьдарна гэдэг бас сонин шүү. Тэр утгаараа Лондонд ирвэл маш олон соёлыг харна, тэдгээрийн харилцаанд оролцогч болно, юмыг харах, хүлээж авах өнцөг тэлнэ. Найзын маань багш "Британьчууд өөрсдийгөө дэлхийн номер 1 үндэстэн гэж бодож, Лондонг дэлхийн төв гэж эртнээс үздэг байсан. Цагийн бүс буюу GMT 00:00 хүртэл Лондон байгаа бүсээс эхэлдгээс нь харж болно" гэсэн нь музейд явах үед анзаарагдлаа. Энэ хотыг алхаад тойроход 20 минут болдог байсан бол дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суурьшиж өнөөдрийг бүтээсэн, хөрөнгө чинээ, үйлдвэрлэлээр Европын зарим орныг гүйцэхгүй байсан ч энд хамгийн олон хүн байсан гээд л түүнийгээ батлах гэж ихэд тайлбарлаж. 
Эртнээсээ өөрсдийгөө тэгж үзэж, түүндээ тохирсон бодлого явуулдаг, ажилладаг нь холын Улаанбаатараас ирсэн надад ямартай ч анзаарагдах болсон. Бид ажлын газраараа, байгаа хотоороо, байгаа улсаараа төсөөлж бодоод байдаг бол энд хүмүүс даяар хүрээнд ярих юм. "Монголд анх удаа" гэж эхэлдэг реклам одоо үнэхээр болих цаг нь болж, бид өөрсдийгөө олон улстай жишиж байхгүй бол гээд л американо эргүүлэх зууртаа хэнээрхэн бодож суулаа.
Дараа нь галлерейн хэсэгт урлагийн бүтээлүүдийг дэлгээд олон соёлын нэгдэл гэсэн санааг бас л харуулах юм. Н.Жанцанноров гуай 100 эрхэмд орохдоо "Үндэстэн соёлоо сурталчлахдаа хүний юмыг хүндэлж, биширч байж хүргэнэ үү гэхээс манайх цор ганц гайхамшиг, бусад нь юу ч биш гэж огт болохгүй" гэсэн нь санаанд орж байналээ. Манай Жавхлан гадны юу ч хэрэглэхээ болиод, ээтэн гутал, дээлээ өмсч, гэрт амьдраад удахгүй чулуун зэвсэг хэрэглээд, нас эцэслэхэд хээр талд хаягдаад дуусвал яана вэ? энэ чинь. Гол нь тэгээд манай сайн, сайхныг хэн ч мэдэхгүй тэр талдаа замхраад үгүйрвэл бүр яана вэ? Тэгэхээр л бусдыг хүндэлж, зэрэгцэн оршиж, таниулж үлдээх нь чухал юм уу даа гэсэн шүү юм бодоод гарч ирэв. 
Ер нь Лондонгийн музей түүхэн гэхээсээ илүү соёл, санааны цогцолбор юм уу даа гэж бодлоо доо. :) 
"Барбикан" руу очтол өнөөдөр тоглолт ч үгүй, галлерей нь ч хаалттай гэсэн хаалга мөргөөд буцсан. Харин жижиг, хямд болоод ч юм уу хөөрхөн номын дэлгүүр таараад Буковски, Берроуз олж авснаа тэврээд гэртээ ирлээ. 
Хэдэн зураг;




No comments: