Monday, May 26, 2014

Эдинбургийн салхи

Бүхий л олон нөхөд минь та нар блогтоо яагаад салхи оруулахаа болио вэ? Даруй хоёр сар өнгөрсөн байна шүү дээ. Юутай ч, энэ удаа би Эдинбургээс салхи оруулахаар шийдлээ.

Шотланд гэхээр уг нь Гласгоу, Абэрдин гээд хотууд байх ч яагаад ч юм би бодолгүйгээр Эдинбургийн тасалбар авчихсан юм. Гол нь highlands буюу онгон, дагшин байгалийг нь үзэхээр Их Британийн арлын хойд хэсгийг зорьсон минь энэ. Лондонгоос гараад Брайтон руу далайн эрэг рүү явж 2 өдөр наранд суугаад сүүлдээ бараг борлоод их амралтын байдалтай явтал Эдинбургт манан, будан дунд буусан шүү. Очмогц бороо ороод л, оройдоо эртний барилгууд, нарийн гудамжуудынх нь дээгүүр манантаад эвгүй юм билээ. Хар чулуугаар барьсан гэдэгчлэн энэ хотыг хараар үзэгддэг гэх. Бас Жорж, Викторийн эриний хийцтэй барилгууд нь Old Town, New Town гэх хоёр хэсгийг бүрдүүлэх ба ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн юм билээ. Үнэхээр, гудамжаар алхахаар Харри Поттерийн хэсэгт орчихсон мэт их сонин, би бүр байшингийнх чулуунд хүрч, имэрч үзлээ, хэхэ. Эхний орой буудлынхаа орчноор болон Princes Street гэх төв гудмаар нь алхаад таарсан. Автобусны өдрийн билет 3.50 паунд гэх ч буудал маань төвд, Эдинбургийн үзүүштэй газрууд руу 20, 30 минут алхаад л хүрчихээр тул авсан ч үгүй.

   Өглөө эртлэн боссон. Ер нь гэртээ биш болоод ч юм уу, өглөө 6 өнгөрөөгөөд л сэрчихээд байсан. Хамгийн түрүүнд ойроор нь Шотландын Үндэсний Галлерей орлоо. Дундад зууны үеийн шашны агуулгатай бүтээлүүд байх ба Шотландын Үндэсний Цуглуулга гэх өрөө доод давхарт нь байналээ. Ер нь улсын үндэсний галлерей нь нэг тийм "ерөнхий" агуулгатай, улс нийгмийн хувьд онцгой, ач холбогдолтой бүтээлүүд байдаг юм уу гэж бодох боллоо. Британийн Үндэсний Галлерей ч бас хэдэн өрөө дамнасан түүх, шашны агуулгатай бүтээлүүд ба нэр, алдар нь хэдийнэ цуурайтсан түүхэн зураг, баримлууд байдаг. Энэ нь нэг талаар тийм ч сонирхолтой биш гэдгээ би шуудхан хэлчихэж чадахгүй ингээд тойруулаад байгаа юм л даа. 


   Эндээс гараад City Art Centre гэх арай орчин үеийн галлерей руу явсан ч, замаараа Эдинбургийн цайз руу "хадуурчихсан". Уулын оройд сүндэрлэх энэ цайз бүр 12-р зуунд баригдсан гэх юм билээ. Зүг бүрт их буу өрсөн, дотроо Шотландын дайны музей гээд цэрэг, армийн түүх их харж болно. Олон зууны турш ингэж хадгалж үлдсэнийг нь бодохоор гайхам санагдаж байналээ. Хажуугаар килттэй цэрэг эрс зөрөөд л. Сониноос килт гэх энэ өмсгөл анхандаа даашинз шиг залгаа байж. Хонь малаа самнахад асар их дулаан ялгардаг, бас килт нь өөрөө хоньны ноосон тул ер нь эрчүүд нь өмд биш тийм хэлхгэр хувцас өмсдөг байсан нь манай дээл бас тийм учиртайн биш биз гэж бодоод өнгөрсөн. Сүүлд шотландууд Британийн армид ороод дайн, байлдаанд явахад килт нь юу, юугүй задарч унаад байж. Бүрэн өмсгөлөө эргүүлж өмсөхөд 15-20 минут зарцуулах тул Британьчууд хувцасыг нь одоогийнхоор цамц, юбка мэт салгаад тайлагдаад байхааргүй бүстэй болгосон нь энэ аж. Хөгжилтэй нь, килт өмсөөд дотуур өмд өмсөх эсэх нь хамаагүй байж. Эндээс үүдээд "Жинхэнэ Шотланд эр дотуур өмд өмсдөггүй" гэх шог үг гарчээ. 






Аа бас, санамсаргүй тэнэж яваад зогстол доор энэ их буугаараа юу юугүй буудах нь ээ. Тэгсэн 13.00 цагийн буудлага гэж угаасаа алдартай юм байна. Эрт үед бол усан онгоцуудад сигналь болох зорилгоор бууддаг байж, чимээ нь 3,2 км хүрдэг гээд. Одоо бэлгэдлийн чанартай, гэхдээ үндэсний хэмжээний хүндтэй ажиллагаа болжээ. 


Зиа, дараачийн нэгэн онцгой, чухал, тэмдэглүүштэй үйл явдал бол Виски тур байлаа. Шотланд виски гэж сонсч, ууж ирснээс биш үүх, түүхийг нь мэдэх биш. Ерөнхийдөө эртнээс уул, хадаар явдаг хонь, малаа хариулдаг байсны хувьд ийм чанга ундаа хийх болсон нь манай нэрмэл архитай төстэй мэт хальтхан санагдав. Шотландын аль хэсэгт хийснээс хамаараад вискиний үнэр, амт өөр байдаг юм байна. Өмнөд хэсэгт lowland буюу нам дор газар байх ба эндэхийн виски лемон зэрэг citrus төрлийн жимсний үнэр, амттай бол Хойд тийш highland болоод ирэхээр smoky гээд байгаам, нөгөө талаар самарны төрлийн үнэр, амттай гэх юм уу. Speyside гээд эргийнх болохоор жимс, ароматай, Islay бол Шотландын баруун эрэгт орших жижиг арал бөгөөд арай илүү хүчтэй маягийн вискитэй юм билээ. За тэгээд, Single malt бол яг нэг хөрөнгийн цэвэр виски бол Blended гэхээр хольмог гэхчлэн их олон хувааж байна. Ямартай ч, виски авахад шилийг нь хараад, хараад уншаад, уншаад ойлгодоггүй байсан бол одоо ядаж үнэр, амтыг нь гадарлахтай болов уу л гэж бодлоо. Хэдүүлээ одоо сонголтоо зөв хийж байна аа, кк.. Аа бас, сакэг ямрыг нь халаах, ямрыг нь хүйтэн уух уу гэдэгчлэн ёс, дэг байдаг бол вискиг та таашааж л байвал яаж уух нь хамаагүй гэдэг юм билээ. Гэхдээ уг нь дангаар нь уугаад, араас нь багахан ус уух нь хамгийн зөв юм гэсэн шүү. 
(Би ер нь Англид ирсэн биш ажил дээрээ байнга сакэны сургалтад суугаад, өөрөө гүйж очиж виски сонирхоод алкохолоор их мэргэшиж байна аа, хэхэ.) 
Бас нээрэн, вискиг өнгө, үнэрийг нь танихын тулд хөлгүй л болохоос дарсны мэт ийм хундаганд уудаг гэнэ. 

За ингэж явсаар хоол идээд байтал оройн 5н цаг болчихсон. Британьд 6 цагаас олон нийтийн газрууд хаана, 4.30-аас бараг сүүлийн ээлжээ оруулдаг болохоор ер нь үзэх газаргүй болчихож байгаам. Эдинбург бол бүр гудамж нь эзгүйрчих юм билээ. Гэхдээ гадаа гэгээтэй тул Calton Hill гэх уул руу алхлаа, тэндээс хот их гоё харагдана. 1400-гаад оны үед II Жеймс энэ өндөрлөгт их ач холбогдол өгч улс төр, нийгмийн түүхийг шингээсэн гэдэг. 
Зурагт байгаа баганууд бүхий хийц нь Шотландын Үндэсний Цогцолбор гэх ба 1800-гаад онд IV Жоржийн үед Напелеоны үеийн байлдаанд оролцсон дайчдад зориулсан аж. 

Товчхондоо эхний өдөр ингээд дуусав. Жижигхэн, авсаархан, 500хан мянган хүн оршин суудаг гэх Эдинбургт хэцүү нь цаг агаарын байдал. Монголд эрс, тэрс л гэдэг энд ёстой өглөө нар гараад л, өдөр бороо ороод, орой манан татаад байнгын салхилаад хэцүү юм билээ. Юун нөгөө бүрхэг, бороотой гэдэг Лондон маань хажууд нь хичнээн сайхан налгар санагдав, хэхэ. Өнөөдөр хүртэл бороотойд гарч алхахад ихээ дулаахан санагдаж байналээ. 

За хальт ийм сонин байна. Мэдрэмж, мэдээллүүдийг дараа нь эргэн хуваалцъя. ;) 

(Шотландууд үндэсний болон ардын хөгжмөө их сонсоно. Орчин үед ч уламжлалаа хадгалсан аялгуулаг дуутай санагдсан. Кэрин Полвэрт гэх энэ эмэгтэй их алдартай.)