Wednesday, February 21, 2018

Бангкокоос

Блогтоо салхи оруулъя гэж зөндөө ярилцаж, би хэрэндээ л аяллын зуур юм тэмдэглэж явлаа. Өчигдөр онгоцноос хоцорсон тул өнөөдөр сэлгүүцэж, дэмий суунгаа тэмдэглэлээ гүйцээе гэтэл нэг л явдаггүй ээ.
Харин буудлынхаа ойролцоо жижигхэн кафед 2 цаг орчим сууж, кофе бутлах чимээг чихэвчээр явах хөгжимтэйгээ хааяадаа давхцуулан сонсч, хажуугийн ширээнд сууж, босох хүмүүсийг харж, дан шилэн бүхээг маягийн тасалгаанаас Бангкокийн нарийн гудамжны хөдөлгөөнийг харж суугаагаа тэмдэглэе гэж бодлоо.


Найм хэсэг тасралтгүй тэнэж, ямар нэг зүйлд дараачийн цэг рүү адгасаар явсан бна. Очоод тогтож сууж амжилгүй бууз, салатанд живнэ байх гэж бодож байтал ингээд хоцроод суугаа нь бараг зол ч юм уу, кк.. Замдаа унших гэж авсан сэтгүүлээ уншиж бна, бас плейлистээ эмхэлж бна. Эминем ахынхаа цомгийг бүтэн авахаас гадна Rhye-ийн шинэ цомог гарсан бна шдээ, найзуудаа! Сая сонслоо. Энэ дуу маш их таалагдлаа, бас видеоных нь энэ зураглал! Энэ гэрлийг яаж тохируулдаг болоо гэж төсөөлөхөөр л гаргууд санагдаад байх юм.
Хэд хоног хөдөө газар гэхүү дээ Чин Майд байж бгаад Бангкокт ирэхэд ёстой хэлэх үггүй болтлоо бухимдав, хэхэ. Нэг их хүнтэй, замбараагүй, хүмүүс нь хайш яаш хэцүү санагдаж байв. Амраад, учраа олоод ирсэн чинь таалагдах ч шиг бас өвөрмөц сонин вайбтай газар бна шүү. Ямартаа л улам сонирхол татаад тасалбараа хойшлуулах тухай хальтхан бодоод өнгөрч бсан юм. Тэгсэн ийм л юм боллоо ;р 
Шашинд сүсэгтэй, олон янзын сүм үзмэртэй хэрнээ нэг тийм ретро эрчимлэг, жижигхэн шавар байшингийн доод давхар хачин хиппи кафе хэрнээ яг өмнүүр нь түк түк болон мотоцикльд сундалсан хүмүүс зөрөлдөх нь энэ газрын "амьсгал" юм бна. Яг энэ утгаараа замбараагүй, бас уламжлал - орчин цаг зэрэгцэж оршдогоороо манай Улаанбаатартай төстэй ч юм шиг санагдах болов. :) 
Урлаг уран сайхан, хотын амьдрал ахуйд нь барууны нөлөө багагүй санагдлаа. Ер нь Чин Майд ч тэр музей үзэж бхад Британичууд ирэх үеэс л барууны хийцтэй анхны барилга баригдаж, сургууль, эмнэлэг гэхчлэн цэцэглэн хөгжжээ. Бас Франц, Британий колонид орохгүйн тулд өөрийн давтагдашгүй өвөрмөц соёлтой ахуйгаа таниулж, бие даан хөгжих чадамжтайгаа харуулж тухайн үедээ орчин цагийн соёлжих үйл явцыг үлэмж болгон тусгаар улс байхдаа аль алинд нь ашигтай гэдгийг харуулж чадсан гэж тэмдэглэсэн байналээ. Ингээд бодохоор хоёр том гүрэн, хүчтэй айдентитигийн дунд хавчигдсаар бид ер нь олон зүйлээс хоцорсон мэт санагдаад явчихсан шүү. 
Ямартай ч Чин Майгаас явах болоход л санаад эхэлсэн шүү. Лондонгоос явна гэж бодохоор л хэдээ сарын өмнөөс санаад бдаг тэр мэдрэмж, кк.. Тийм сайхан газар бналээ :) Аа харин, Бангкок бол "нээгээд" л баймаар сонирхолтой ертөнц бнаа. 

Monday, February 12, 2018

Шинэ хуучин



Үдийн 17 цаг 13 минут. Монголын цагаар одоо 00 цаг 13 минут бөгөөд цагийн зөрүү мэдээж гарч амжаагүй байгаа тул ахин хэдэн цаг сэрүүн байх үүднээс аяга хар кофе бэлдээд сууна. Гэрт уудаг чанадаг кофег бодвол эдний машинаас гарах кофе хамаагүй зөөлөн амтагдана. Танил хотын танил бүрхэг тэнгэр, чийглэг агаар угтахад ер гайхширал ч, сэтгэл хөдлөл ч мэдрэгдсэнгүй. Ийш ирэх нислэг 10 гаруй цаг үргэлжилсэн тул дуусгаж амжихгүй удсан Арьсан хүрэмтэй Мадоннаг уншиж суув. Номын үйл явдал Берлинд эхлэх бөгөөд, нэгэн хэвийн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөдөг турк залуу, амьдралаас юу хүсэж буйгаа мэдэхгүй, сэтгэл зүрхээ бусдаас нуудаг хэрнээ гаднаа инээд хөөртэй, нээлттэй зантай чехийн эрлийз бүсгүй хоёрын 'нөхөрлөл'-ийн тухай гарна. Анх уулзаж эхлэхдээ л бүсгүй залууд ямар ч хайр сэтгэл, дотно харилцаа хүсэхгүй байгаагаа хэлж, харин залуу ч түүнээс тийм зүйл огтхон хүлээхгүй гэдгээ амлан зүгээр л сайхан нөхөрлөнө гэж өөрсдийгөө хуурна. Залуу өөрийгөө тийм ч удаан барьж дийлсэнгүй, бүсгүйг анх хөрөг зурагнаас харахдаа л дурлаж орхисон тэрээр үнэндээ боломж бүрийг хүлээж, бүсгүйг сэтгэлийнхээ хаалгыг нээхийг л хүлээж түүний дэргэд байв. Эцэст нь тэд хайраа нууж дийлэлгүй хүлээн зөвшөөрч хамт байхаар шийдэх яг тэр мөчид хувь заяа гэгч ямар хэрцгий байж чадахаа харуулна. Залуу аргагүй шалтгаанаар Турк рүү буцах шаардлагатай болж, тэр 2 хол байхдаа захидлаар харьцаж байв. Тэнд залуугийн амьдрал амаргүй байсан ч бүсгүйг ирүүлж, хамтдаа аз жаргалтай амьдарна гэж төсөөлөн бэлдэж байсан боловч нэг л өдөр захианд нь хариу ирэхээ болино. Залуу маш олон янзаар юу болсон байж болох тухай бодож, бүсгүйд гомдон сэтгэлээр унаж, шархалсан зүрхээ тэрээр өөр хэнд ч нээхгүй олон жилийг барав. Үнэндээ бүсгүй залуугаас хүүхэдтэй болсноо ч хэлж амжилгүй төрөхийн эндэгдэлээр нас барсныг тэрээр арван жилийн дараа мөнөөх л амьдралын бидэнд илгээдэг шоглоомоор олж мэднэ. Бүх зүйл хэтэрхий оройтсон нь ойлгомжтой биз дээ. Үл ойлголцол гэж бидний өчүүхэн хайнга зангаас үүсэж, бидний төсөөлөн бодох чадвар хэтийдэхдээ бидэнд ямар чухал нандин зүйлийг үгүй хийж чаддагийн жишээ юм уу даа. Хүнийг хайрлана гэдэг өөрийгөө ч танин мэдэх гэж насаа бардаг хүмүүн бидэнд хэзээ ч бүрэн эзэмшиж чаддаггүй тийм чадвар бололтой. 
Өөрийгөө бүрэн таних гэдэг нь үнэндээ өөрөөсөө ямар ч ааш, ямар ч үйлдэл гарахад гайхширалгүй бүрэн хүлээн зөвшөөрч сурахуйг хэлэх юм шиг. Харин зөвхөн тэгж чадахуйд л бид бусдыг үнэхээр хайрлаж чадах байх. Буй байгаагаар нь, хардаж сэрдэлгүй, гомдож тунирхалгүй, зүгээр л хайрлах.