Monday, January 20, 2014

Инспираац

Гишүүн: Х.Ж
Байрлал: Pret A Manger, Лондон
Зорилго: Барагдашгүй мэт санагдах... хийх зүйлс их байна.
Зүйлс: Компийтр, камер, ширээ, түшлэгтэй ч тухгүй сандал, ай-под, чихэвч, вайт американо, хажууд италиар чалчих хоёр эмэгтэй.

Өглөөний 10.00 цаг. Шөнө 3 хүртэл догдолж суусны "ачаар", өглөө арай гэж босов. The Photographer's Gallery явж Энди Вархол, Линч, Бэрроузын үзэсгэлэн гарах тухай уншаад зорьсон нь энэ. Лондонгийн хөл ихтэй, төв гудамжаас гэнэт хажуу тийш нарийн гудамжруу эргээд өндөр байшингуудын дунд газрын зургаа харж явсаар ирэв. Үүдээр ормогц нэгдүгээр давхрын кафен зүгээс кофены сайхан үнэр хамар цоргиулна. Тэгээд дараа нь бас нэг хайр татам зүйл байсан нь даваа гариг бүрт үзвэрүүд үнэгүй гэх бичиг. :) 

Хоёрдугаар давхарт Вархолын үзэсгэлэнг дэлгэсэн байна. Харанхуй бүдүүлэг би Вархол "гайхамшигтай" гэж хий сонсч, дуулахаас хэтрэхгүй, бүтээлийг нь ижилхэн улаан лоолийн шөлний лааз, өнгө алагласан хэдэн зургаар төсөөлж байв. Өнөөдөр харин үзэсгэлэнг тойрох нь ээ, хамгийн түрүүнд хот, соёл, орчин үе гэдэг үг энэ хүнээс салшгүй холбоотой юм байна гэж бодсон. 1950-аад онд Их Британи, Америк даяар поп-арт түгэх болж, шинэ давалгаа болсон гэдэг нь ч үүнтэй нь холбоотой байх. Файн артыг л арт гэж үздэг байсан сэтгэхүйд коммершил, мейнстрим тусгалуудыг урлагийн талаас нь оруулж ирснээрээ popular culture /pop-art/ буюу түгээмэл соёлыг жинхэнэ урлаг болгосон (болгох гэхээс илүү байсныг өөрөөр харж, харуулж, нээж чадсан юм болов уу?) юм байна гэж өөрийнхөө бичкэн тархинд бодож байв. 

Дээш дөрөвдүгээр давхарт Бэрроузын хэсэг байсан нь бас их сонирхолтой. Бичгийн хүн гэдгээрээ илүү алдаршсан түүний дүрслэлийн бүтээлүүд бүү хэл нэр нь ч надад шинэ байсан юм. Тагтан дээрээсээ дарсан зураг, автомашины ослын цуврал, найзууд, амрагуудынхаа хөргийг татахаас гадна өөрийгөө дарсан зургууд нь ч гол байр эзэлдэг юм билээ. Ерөнхийдөө мундаг гэрэл зурагчин байсан гэхгүй ч, тэр хүний оюун санаа хаана хэрэн явсан, юуг "эрж, хайж", "нээгээ" вэ зэрэг нь өдөр тутамдаа дарж байсан зургуудаас нь харагдахуйц.

Бас "Towers Open Fire" гээд зохиолоор нь хийсэн киног үзэж, бүтээлүүдийнх нь талаарх олон сайхан номыг уншихаар тавьсан нь их таалагдсан. :) Богино хэмжээний киног үзсэн, гэхдээ хариад дахиж үзэх хэрэгтэй юм билээ. 

Хамгийн дээд давхарт Девид Линчийн олон оронд явахдаа үйлдвэрүүдийн эргэнд тойронд авсан зургуудыг дэлгэсэн аж. Мөн зургуудыг нь удаан харвал яг л очсон мэт сэтгэгдэл төрүүлэх түүний аудио бүтээл явах юм билээ. Энэ гурван хүний үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд бүгд хар, цагаан ч Линчийнх илүү тод, контраст ихтэй бас гэрэл, сүүдрийн харьцаагаа их нарийн мэдэрсэн санагдсан. Тэгээд танхим нь том цонхтой, зураг дээрхтэй төстэй ч гэмээр дүр зураг харагдах нь күүл. 

Тав дахиас хойш догдолж хүлээсэн энэ үзэсгэлэн төслийн хүрээнд Европы хэд, хэдэн оронд "очих" юм гэсэн. Лондонгоос эхэлж байгаа ба гуравдугаар сар хүртэл гарна гэхээр дахиад очвол бас л сонин харагдана байх даа гэж бодсоор гарч ирэв ээ. 








No comments: