Monday, February 12, 2018

Шинэ хуучин



Үдийн 17 цаг 13 минут. Монголын цагаар одоо 00 цаг 13 минут бөгөөд цагийн зөрүү мэдээж гарч амжаагүй байгаа тул ахин хэдэн цаг сэрүүн байх үүднээс аяга хар кофе бэлдээд сууна. Гэрт уудаг чанадаг кофег бодвол эдний машинаас гарах кофе хамаагүй зөөлөн амтагдана. Танил хотын танил бүрхэг тэнгэр, чийглэг агаар угтахад ер гайхширал ч, сэтгэл хөдлөл ч мэдрэгдсэнгүй. Ийш ирэх нислэг 10 гаруй цаг үргэлжилсэн тул дуусгаж амжихгүй удсан Арьсан хүрэмтэй Мадоннаг уншиж суув. Номын үйл явдал Берлинд эхлэх бөгөөд, нэгэн хэвийн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөдөг турк залуу, амьдралаас юу хүсэж буйгаа мэдэхгүй, сэтгэл зүрхээ бусдаас нуудаг хэрнээ гаднаа инээд хөөртэй, нээлттэй зантай чехийн эрлийз бүсгүй хоёрын 'нөхөрлөл'-ийн тухай гарна. Анх уулзаж эхлэхдээ л бүсгүй залууд ямар ч хайр сэтгэл, дотно харилцаа хүсэхгүй байгаагаа хэлж, харин залуу ч түүнээс тийм зүйл огтхон хүлээхгүй гэдгээ амлан зүгээр л сайхан нөхөрлөнө гэж өөрсдийгөө хуурна. Залуу өөрийгөө тийм ч удаан барьж дийлсэнгүй, бүсгүйг анх хөрөг зурагнаас харахдаа л дурлаж орхисон тэрээр үнэндээ боломж бүрийг хүлээж, бүсгүйг сэтгэлийнхээ хаалгыг нээхийг л хүлээж түүний дэргэд байв. Эцэст нь тэд хайраа нууж дийлэлгүй хүлээн зөвшөөрч хамт байхаар шийдэх яг тэр мөчид хувь заяа гэгч ямар хэрцгий байж чадахаа харуулна. Залуу аргагүй шалтгаанаар Турк рүү буцах шаардлагатай болж, тэр 2 хол байхдаа захидлаар харьцаж байв. Тэнд залуугийн амьдрал амаргүй байсан ч бүсгүйг ирүүлж, хамтдаа аз жаргалтай амьдарна гэж төсөөлөн бэлдэж байсан боловч нэг л өдөр захианд нь хариу ирэхээ болино. Залуу маш олон янзаар юу болсон байж болох тухай бодож, бүсгүйд гомдон сэтгэлээр унаж, шархалсан зүрхээ тэрээр өөр хэнд ч нээхгүй олон жилийг барав. Үнэндээ бүсгүй залуугаас хүүхэдтэй болсноо ч хэлж амжилгүй төрөхийн эндэгдэлээр нас барсныг тэрээр арван жилийн дараа мөнөөх л амьдралын бидэнд илгээдэг шоглоомоор олж мэднэ. Бүх зүйл хэтэрхий оройтсон нь ойлгомжтой биз дээ. Үл ойлголцол гэж бидний өчүүхэн хайнга зангаас үүсэж, бидний төсөөлөн бодох чадвар хэтийдэхдээ бидэнд ямар чухал нандин зүйлийг үгүй хийж чаддагийн жишээ юм уу даа. Хүнийг хайрлана гэдэг өөрийгөө ч танин мэдэх гэж насаа бардаг хүмүүн бидэнд хэзээ ч бүрэн эзэмшиж чаддаггүй тийм чадвар бололтой. 
Өөрийгөө бүрэн таних гэдэг нь үнэндээ өөрөөсөө ямар ч ааш, ямар ч үйлдэл гарахад гайхширалгүй бүрэн хүлээн зөвшөөрч сурахуйг хэлэх юм шиг. Харин зөвхөн тэгж чадахуйд л бид бусдыг үнэхээр хайрлаж чадах байх. Буй байгаагаар нь, хардаж сэрдэлгүй, гомдож тунирхалгүй, зүгээр л хайрлах.

No comments: