Thursday, June 11, 2015

Унтахын өмнө

   

Зургадугаар сар хэдийнэ гарсан хэрнээ нэг л тааваараа байж болохгүй, аар саар ажил "зулгаагаад" байх юм. Тэгтэл зун боллоо гэсэн шиг эрч хүч нэг л сулраад, ажил хиймээргүй санагдах. Ер нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ерөөсөө амраагүй, дээшээ хараад юу ч бодолгүй хэвтсэн 10 хоног гэж байгаагүй юм байна шд.., гээд л өөрийгөө баахан өрөвдөв. Тэгээд өдөр 4 гэж байхад ажлын өрөөнөөсөө гарч одлоо. Номын дэлгүүр орж сэтгүүл аваад, Тило аниагаас сонин аваад нэг их софистикейтэд царай гаргаад Мишкатай утсаар ярингаа төв гудмаар алхав. Эртнээс л Soup Bar-луу орохыг бодож байсан ч, дэмжигддэггүй, урагшилдаггүй саналаа, хүсэлтээ өөрөө гүйцэлдүүлсэн байх нь. 

 

Хүмүүс ганцаараа хооллож чаддаггүй, хоол ордоггүй, эвгүй гээд янз бүрээр хэлдэг. Тэгсэн надад лав ямар нэг асуудал санагддаггүй шд. Харин ч тухтай гэх нь бас хаашаа юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд ийш, тийш ганцаараа явах, тэр бүрт ганцаараа л хооллодог хойно бараг дасч дээ. Аль нэг буланд суугаад хүмүүсийг ажиглаад хооллох дажгүй санагдаад байдаг юм... Гэж бодсоор Soup Bar-т ортол тэнд надаас өөр хүн байсангүй. Цэс нь сонирхолтой юм байналээ, харж харж Espagnole panini авав. Та нар L'Auberge Espagnole гэж кино үзсэн үү? Манай сайхан Romain Duris тоглодог нэг тийм хөгжилтэй хөөрхөн кино. Дараа нь хоёр sequel гарсан юм билээ, би Casse-tete chinois-г нь үзсэн. Энэ мэт хоолтой ямар ч хамаагүй боловч бодлууд орж ирээд байсан болохоор Espagnole panini авсан хэрэг л дээ. Тэгээд миний бодол "амттай" байсөөн. 

 

Ер нь дурсамж, эсвэл сэтгэгдэл ч гэх юм уу, бүхнийг амилуулдаг юм болов уу? Кар Вайн My Blueberry Nights дээр Элизабет яагаад хэн ч нэрсний пай авдаггүй тухай асуухад Жереми "Нэрсний пайтай ямар ч хамаагүй, зүгээр л хүмүүс өөр сонголт хийдэг. Үүний төлөө нэрсний пайгаас өө хайх хэрэггүй, зүгээр л хэн ч идмээргүй байгаа хэрэг. Амьдрал дээрх асуудлууд ч яг үүнтэй адил, заавал ямар нэг зүйл, хэн нэгнийг буруутгах хэрэггүй" гэж хэлтэл Элизабет "Хүлээгээрэй, би авъя" гэснээ ховдоглон иддэг дээ? Энэ хэсэг хамгийн тод үлдсэн болоод ч юм уу, одоо би үргэлж нэрсний пай, маффин авдышд, хэхэ. 

 

Зиа зиа, өнөөдөр нэг иймэрхүү аар саар юм бодсоор гэртээ ирсэн юм даа. Сониноос VPN өөрчилдөг application-ийхээ тусламжтай одоо Netflix үзэх болсон. Гэнэт хэтэрхий их сонголтонд ороод ирэхээр бас балмагдах юм. Одоо унтахаасаа өмнө юу үздэг юм билээ гэж бодож сууна. Аягүй бол шийдэж чадахгүй байсаар шууд унтчих нь аа!! Ямартай ч, та нар минь тавтай нойрсоорой.

 

No comments: